Анх 1926 онд манай улсаас Герман улсад 30 орчим хүн дээд боловсрол эзэмшиж байсан бол өнөөдөр энэ тоо 35 мянга хэдийнэ давжээ. Герман улсад мэргэжил эзэмшсэн үе үеийн төлөөлөл энэ сарын 17-ны өдөр Төрийн ордны Их танхимд эх орныхоо хөгжилд, эдийн засгийн хүндрэлээс гаргахад ямар үүрэг, оролцоотой байх талаар чуулахаар болжээ. Тус чуулганыг УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагвын санаачилгаар Монгол Германы гүүр төрийн бус байгууллага болон Германы эрдмийн солилцооны алба хамтран зохион байгуулж байна. Чуулга уулзалт “Ажилсаг Монгол-Хөгжлийн үндэс” сэдвээр зохион байгуулагдана. “Чуулга уулзалтаар бид ямар салбарт оролцох, ямар чиглэлээр Герман улстай хамтран ажиллах боломжтой байгааг ярилцана. 35 мянган хүний төлөөлөл мянган хүн чуулна. Төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран ажиллах боломжийг энэ уулзалтаар эрэлхийлэх юм. Уулзалтын үеэр Герман улсаас ирэх төлөөлөгчид хоёр цаг гаруй оролцох бөгөөд энэ хугацаанд бид илтгэл болон асуулт, хариултыг герман хэл дээр явуулна” гэдгийг УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва хэлсэн юм. Монгол Германы эдийн засгийн хамтын ажиллагаа эхэлсний 25 жилийн ойтой уг чуулга уулзалт давхцаж байгаагаараа онцлог бөгөөд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Эдийн засаг, хамтын ажиллагаа, хөгжлийн яамны Парламентын Төрийн нарийн бичгийн дарга Ханс Иоахим Фухтел тэргүүтэй Засгийн газар, муж улсын захирагч, хувийн хэвшлийн төлөөлөгчид оролцох юм. Монгол Германы гүүр ТББ-аас тус улсад төгсөгчдийн уулзалтыг хоёр жил тутамд зохион байгуулдаг бөгөөд энэ удаагийнх долоо дахь нь. “Энэ удаагийн уулзалтад зөвхөн төгсөгчид төдийгүй мэргэжил дээшлүүлсэн, ажиллаж амьдарч байсан иргэдийн төлөөлөл оролцох тул илүү өргөн хүрээний болно. Германчууд нийгэм эдийн засгийн хүндрэлийг хэрхэн даван туулсан туршлага, жишээн дээр ярилцана. Улс орны хөдөлгөгч хүч нь мэргэшсэн боловсон хүчин, жижиг дунд үйлдвэр. Тиймээс мэргэшсэн боловсон хүчнийг Герман улсад бэлтгэх зорилготой” гэдгийг тус ТББ-ын удирдах зөвлөлийн дарга Л.Энхтуяа онцолсон юм.
   « Start   1   2   3   4   5   6   7   8   9   10   11   12   13   14   15   16   17   18   19   20   21   22   23   24   25   26   27   28   29   30   31   32   33   34   35   36   37   38   39   40   41   42   43   44   45   46   47   48   49   50   51   52   53   54   55   56   57   58   59   Ende »